Богд хааны ордныг айлууд түрээсэлжээ
Нийслэлд байрлах түүхэн дурсгалт барилга, байшинг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас уг барилга байшингийн хадгалалт хамгаалалт алдагдаж, устах аюулд ороод байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт байрлах В.Кларов, Д.Шмераль, Х.Чойбалсан нарын амьдарч байсан байшинг Худалдаа хөгжлийн банкны агуулах болгосон гэнэ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутагт байрладаг Богд хааны ордны зарим барилгыг өмчилж хамгаалж буй байгууллага байхгүйн зэрэгцээ уг барилгад гурван айл амьдардаг болоод хэдэн жилийн нүүр үзсэн байна. Эдгээр айл нь Удирдлагын академийнханд түрээс төлдөг аж. Үүнээс гадна Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүс нийт 58 га байхаас 72479 м.кв, Чин ван Ханддоржийн байшингийн хамгаалалтын бүс 0.5 га байхаас 2596 болж тус тус хасагдсан байна.
Мөн улсын хамгаалалттай түүхэн дурсгалт газар болох Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей зэрэг барилгын орчимд хамгаалалтын бүсэд барилга байшин барьж, хашаа, хайс хатгах зэрэг хууль бус үйлдлүүд байдаг байна. Тодруулбал, Богд хааны ногоон ордны хамгаалалтын бүс 5.7 га байхаас 51669 м.кв, Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүс хоёр га байхаас 10855 м.кв, Гэр хэлбэрт модон дуганууд буюу Дашчойлин хийдийн хамгаалалтын бүс 1.7 га, байхаас 9675 м.кв, Дамбадаржаа хийдийн хамгаалалтын бүс 10.5 га байхаас 45243 м.кв болж тус тус хэмжээ нь багассан гэсэн мэдээ Нийслэлийн газрын албанд ирсэн байдаг аж.
Үүгээр ч зогсохгүй Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүсэд барилга байшин, гэр хороолол, автомашин засвар, шатахуун түгээх станц, машин худалдах талбай, зочид буудал, худалдаа үйлчилгээний зэрэг олон газар байгуулжээ. Уг нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.1, 17.9 дэх заалтад дээрх түүхэн дурсгалт газрыг хэрхэн хамгаалах талаар тодорхой заасан байдаг ч зөвхөн цаасан дээр л үлдсэн бололтой. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас тодруулахад "Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд иргэн Д.Эрдэнэбилэг, Ш.Төмөрбаатар, Д.Авирмэд, Д.Баасансүрэн нарт амины орон сууцны зориулалтаар газар олгосныг Нийслэлийн Засаг даргын 2000 оны 311 тоот захирамжаар хүчингүй болгож байсан.
Энэ мэтийн ажил хийж байгаа" хэмээсэн. Гэвч Чойжин ламын сүмийн хамгаалалтын бүсэд 2000 онд баригдсан нэг давхар барилга өнөөг хүртэл байсаар. Харин мэргэжлийн хяналтын газраас энэ талаар тайлбарлахдаа "Нийслэл дэх хамгаалалтын бүсэд газар олгосон зөрчлийг арилгуулах, үл хөдлөх дурсгалын кадастрын зураглалыг Газрын мэдээллийн санд оруулах албан шаардлагыг Нийслэл, дүүргүүдийн Газрын албанд хүргүүлсэн" гэсэн юм.
No comments:
Post a Comment