Thursday, December 23, 2010

Богд Хааны Ордон музей нь  Олноо Өргөгдсөн Монгол улсыг тунхаглаcны  100 жилийн ойг угтан олон бүтээлч ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм байна. Үүний  нэг нь өөрийн баялаг сан хөмрөгт түшиглэн гаргаж буй сэдэвчилсэн цуврал үзэсгэлэн юм.

     “Урлалд шингэсэн гэгээрэл” үзэсгэлэнг энэ  сарын 10-наас 11 сарын 1 хүртэл гаргах юм байна. Монголын шүтээн урлалын  гайхамшигт өв уламжлалыг олон нийтэд, нэн ялангуяа оюутан сурагчдад хүргэх, танин мэдэхүйн нэгэн өвөрмөц хичээл болгох зорилгын үүднээс энэхүү үзэсгэлэнг гаргаж байгаа аж.

Сонгодог шүтээн зураг нь бурхны шашны урлахуйн ухааны нэгэн ай савд багтах хийгээд  бүтээхүйн утга,  барил нь төгс гэгээрэлд хүргэх зам мөртэй шүтэн  барилдах учиртай ажээ. Шүтээн зургийн өнгө дүрслэл, зурлага татлага бүхэн тодорхой утга санааг агуулж, гоо сайхны төгс чанарыг илэрхийлдэг. Монголчууд бурхан зурагт Түвдийн зураг урлалын үндсэн тигийг баримтлахын зэрэгцээ өвөг дээдсийн өв соёлын уламжлалыг  шингээж,  урлаачийн билгэ авъяас,  ур ухааны илэрхийлэл болсон төгс бүтээлүүдийг туурвижээ.

Монгол шүтээн урлалын уламжлал нь анхдугаар
Богд Өндөр Гэгээн Занабазарын үеэс эхтэй бөгөөд VIII Богд Жавзундамбын үеийг хүртэлх хугацаанд  утгат чанар, ур хийцээрээ гайхагдсан хүн төрөлхтний урлал туурвилийн охь болсон шүтээнүүд бүтээгджээ.
 
Лавчин барималч нар шүтээний бурхдыг урлахдаа мөнгө, гууль, зэсийг алтаар шарж цутгаж, хөөх зэргээр үлэмж хэмжээгээр бүтээж байжээ. Уран дархчууд шашны зан үйлд хэрэглэдэх завьяа, зулын гол, хөгжмийн зэмсгийг мөнгөөр чимж уран гоёмсогоор урлаж ирсэн. Түүнчлэн монголчууд өдөр тутмын ахуйн хэрэглээндээ ч мөнгө, гууль, зэс зэрэг материалаар ашиглан уран сайхан, өнгө үзэмж төгөлдөр эдлэл хэрэглэлийг урлан хэрэглэж байсны жишээг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс бэлхнээ харж болох юм байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд Олноо Өргөгдсөн
Богд Хаант Монгол улсын үед хамаарагдах шүтээн урлалын гайхамшигт бүтээлүүдээс гадна өнө эртнээс уламжлалтай шүтээн урлал эдүгээ цагт  хэрхэн шинэчлэгдэн хөгжиж байгааг таниулахын үүднээс бурханч лам, Монгол улсын урлагын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвбатын шавь Д.Ухаанзаяа үүсгэн байгуулж, хөгжүүлж буй урлахуйн ухааны “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн  уран бүтээлүүдээс дэлгэн толилуулах юм байна.

No comments:

Post a Comment